Манба дацан хийд

Бусдад туслахуй Анагаах ухааны МАНБА ДАЦАН хийд

Бидний тухай

Бусдад туслахуй Анагаах ухааны МАНБА ДАЦАН хийд

1760-аад оноос түүхийн улбаатай Бусдад Туслахуй Анагаах Ухааны Манба Дацан хийдийг 1990 онд Монгол Улсын хүний гавьяат эмч, Билгүүн номч Хамба лам Д.Нацагдорж сэргээн байгуулж, хийд дээрээ түшиглэн сургууль, эмнэлэг, эмийн үйлдвэрийг цогцлоон байгуулсан нь уламжлалт анагаах ухааны түүхэн шинэ хуудсыг нээсэн юм.

Манба Дацан Монголын Уламжлалт Эмнэлэг, Сургалтын Төв нь өдгөө Манба Дацан хийд, Оточ Манрамба Их сургууль, Манба Дацан эмнэлэг, Манба Дацан эмийн үйлдвэр гэсэн салбар байгууллагуудтай бөгөөд 29 дэх жилдээ ард түмний эрүүл мэндийн төлөө ажилласаар ирлээ.

Бусдад Туслахуй Анагаах Ухааны Манба Дацан хийдийн гол шүтээн нь эрүүл мэндийн Оточ Манла бурхан, гол сахиус нь Манла бурханы сахиус Шанлон, Дамжин юм.

Хурал номын үйл ажиллагаа

Лам хуврагууд ном эрдэмд суралцан судлах, бясалгал, зан үйл хийх, хурал номын айлтгал хийх, сүсэгтэн олны үйлчлүүлэх тав тухыг хангасан өвөрмөц тохижилт бүхий тохилог, дулаан хийдтэй

Буддын шашны тусгай мэдлэг, боловсрол эзэмшсэн лам хуврагууд эрт үеэс уламжлан томоохон хүрээ хийдүүдэд хурдаг байсан Их манла, Манлын лхого, Манлын дончид, Дүлцон жинхортой Манла, Дүлцон жинхортой гүнриг зэрэг их хурлыг тусгай дэгийн дагуу хурдаг.

Мөн Оройн ерөөл, Бэхэн ганжуур, Юмжай бэрэн дүйсүм, Сандуйн жүд, Цэгмидийн чого, Арван хангал, Чойжоо дүгжү, Найдан чого, Цэдэрлхам, Цагаан сарын 15 хоногийн их хурлуудыг тогтмол хурдаг.

Өдөр бүр Цогчэн хурал, Жасаа хурал хурахаас гадна Хажидын чого, Жамбын чого, Авидын чого зэрэг айлтгал номын уншлага, зан үйл, бясалгал, зурхай, лүүжин, эмчилгээний гүрэм засал, бурхадын зарлиг айлдвар, “Ганжуур”, “Данжуур” тэргүүтэн 200 орчим судар тарнийн номыг уншиж, бясалган олон амьтны тусыг үйлдэж байна.

Тус төвөөс Монголын буддын шашны анхны СД “Мөргөлийн эгшиг”, “Богд Очирваань хайрханы адистидын тахилга оршвой”, “Chants of healing medicine Buddha” номын уншлага, адистидтай бүтээлүүдийг гаргаж олны хүртээл болгосон.

Монголын бурханы шашны сүм хийдүүд олон зуун жилийн турш бүтээж байсан Дүлцон жинхор, Вантай их хурлуудыг 1938 оноос хориглож 60 гаруй жил тасарсныг 2005 онд Хамба лам Д.Нацагдоржийн санаачилгаар лам нараа гадаад оронд суралцуулан уламжлал, дамжлагыг номын ёсоор авч дахин сэргээсэн юм. 2005 оноос хойш Манба Дацан хийдэд Дүлцон жинхор, Вантай Манла их хурлыг жилд 12 удаа, Дүлцон жинхор вантай гүнриг их хурлын зан үйлийг жилд 1 удаа ном уншлага, зан үйлийн дагуу ёсчлон бүтээж олны хүртээл болгож байна.

Лагшины шүтээн

Монгол уран баримал, уран зургийн аргыг хослуулан бүтээсэн сайн цагийн 1000 бурханы тав дахь, ирээдүй цагийн Майдар бурханы ариун дагшин орны цогцолбор

Жүдэ шигийн лха нар, Сандуй, Дэмчиг, Дүйнхор, Дамдин хаянхярваа тэргүүтэн бурхад Ямандаг, Очирваань, Нархажид, Гомбо, Лхамо зэрэг 10 хангал

Жанрайсиг, Аюуш, Насны гурван бурхан, Ригсүм гомбо, Ловон Бадамжунай ханлавсойсүм гэх мэт Монгол, Энэтхэг, Төвд, Балба зэрэг орны өнөө цагийн бурханч, урлаачдын бүтээсэн бүтээлүүдээс гадна эртний түүхэн уламжлалт нандин бүтээл шүтээнүүдийг залж, шүтэж байна

Тааллын шүтээн

Олон лам, эмч, сүсэгтнүүд хамтран босгосон “Эрүүл энхийн цагаан суварга”, Манла, Жанрайсиг бурхадын зарлиг тарнийн дүнчүүр хүрд гэх мэт бурхадын лагшин, зарлиг, тааллын шүтээнтэй.

Зарлигийн шүтээн

Буддын их, бага таван ухаантай чиглэлийн 15000 гаруй номын фонд бүхий номын сантай.

Онлайн хийд

Сүсэгтэн олон та бүхэн орон хийдэд биечлэн ирэх боломжгүй байгаа болон хөдөө орон нутаг, алс хол гадаад улсад амьдран суугаа бол та бүхэндээ зориулан онлайн хийд булангаа ажиллуулахаар боллоо. Та айлтгалуудаас сонгон идэвхижүүлж хуралдаа нэрээ оруулах боломжтой. Өдөр тутмын хурал айлтгалаас сонгон айлдуулахад танд илүү тохиромжтой. Харин даллага, гүрэм заслууд, сэржимтэй номуудыг өөрийн биеэр байж айлдуулдаг.

Дэлгэрэнгүй

Манла бурханы хүүхдүүд нийгэмлэг

“МАНЛА БУРХАНЫ ХҮҮХДҮҮД” нийгэмлэг нь Бусдад Туслахуй Анагаах Ухааны Манба Дацан хийдийн тэргүүн Хамба лам Д.Нацагдоржийн санаачлага болон олон нийтийн дэмжлэгээр 2005 оны 09 сарын 06-ны өдөр байгуулагдаж хууль зүй, дотоод хэргийн яамны 2005 оны 10 сарын 13-ны өдрийн 164 тоот тушаалаар №5161, РД:10584112 тоот гэрчилгээг авч улсын бүртгэлд бүртгэгдсэн олон нийтэд үйлчилдэг ашгийн төлөө бус байгууллага юм.

Дэлгэрэнгүй